"Автомашингүй өдөр"-г 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулна.

        Автомашингүй өдрийг Улаанбаатар хот 13 дахь жилдээ зохион байгуулж байна. Дэлхийн олон оронд энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд 9 дүгээр сарын 22-ны өдөр бол олон улсын автомашингүй өдөр юм. Нийслэлийн Засаг даргын захирамж гарч энэ жилийн арга хэмжээг 9 дүгээр сарын 13-ны Бямба гарагт зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.

     “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “ЭРСДЭЛГҮЙ-ЭРҮҮЛ ОРЧНЫГ ХАМТДАА” уриан дор автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ болон явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд стресс бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар, орчны бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх орчин нөхцөлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихийг олон нийтэд уриалах зорилготой.

      Хаагдаж буй гудамж замууд: Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний зүүн дөрвөн замын уулзвараас баруун дөрвөн замын уулзвар, Чагдаржавын гудамж, С.Зоригийн гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамж, Гэндэнгийн гудамж, Д.Чойдогийн гудамж, С.Жамъяан гүний гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудыг 2025 оны 09 дүгээр сарын 13-ны Бямба гарагийн 07:00-18:00 цагийн хооронд хааж автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.

         Зах худалдааны төвүүд мөн ажиллахгүй. Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Юмт, Содон, Алтжин бөмбөгөр, Нарантуул худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, Өгөөмөр зах, Сандэй плаза ХТ, Шөнийн зах, Баянзүрх ХТ, Баянзүрх-2 ХТ, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Барс-1, 2 худалдааны төв, Хархорин, Шинэ сандэй, Ханталст, Да хүрээ зах, Цайз, Цолмонбадрах, Доной модны зах, Нарлаг дэнж, Нарантуул-2 гэх мэт томоохон худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй.

         Автомашингүй өдөр соёл, урлагийн тоглолтууд, спортын арга хэмжээнүүд, нийслэл дүүргийн аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж ажиллана.

            НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгнө.

Бусад мэдээ