Жил бүрийн 9 дүгээр сарын 26-нд “World Contraception Day- Жирэмслэхээс сэргийлэх дэлхийн өдөр” тохиодог. Уг өдрийг угтан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Хүрээ амаржих газрыг түшиглэн MSI Репродактив Чойсэз олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь хөтөлбөр - MSICC ХХК-тай хамтран “Гэр бүл төлөвлөлт – урт хугацааны аргыг тавих, авах техник” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгуулж байна.
Левоплант суулгацын лиценз эзэмшигч Вүүманкэйр Глобаль ХХК-ийн Зүүн Европ болон төв Ази хариуцсан Бизнес хөгжлийн төлөөлөгч Нодар Гветадзе, Гүрж улсын гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор Жорж Церцвазде нар багшилж олон улсын сайн туршлага, арга зүйг танилцуулж байна.
Сургалтад нийслэлийн амаржих газар, өрх, дүүргийн эрүүл мэндийн төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нар хамрагдаж байгаа бөгөөд үр дүнд нь жирэмслэхээс сэргийлэх урт хугацааны арга хэрэгслийг эх баригч нар бие даан тавих, авах чадамжтай болох юм.
Энэхүү үйл ажиллагаа нь нийслэлийн хэмжээнд гэр бүл төлөвлөлтийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, улмаар эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад онцгой ач холбогдолтой юм.