Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Сонгинохайран дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран “Сайн туршлага 2024” арга хэмжээний хүрээнд заавал хэвшүүлэх бүтээлийн үр дүнг тооцох, арга аргачлалаас суралцах зорилгоор үзүүлэх сургалтыг 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтад дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн эмнэлэг, амаржих газар, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах ажилтан, эмч, мэргэжилтэн нийт 113 төлөөлөл оролцсон.
Уг үйл ажиллаагаагаар “Эмнэлгийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангахад чиглэгдсэн иргэд ба эмч нарт зориулсан үйл явцын зураглал хийх арга зүй”, “Сайн туршлага 2024” арга хэмжээний заавал хэвшүүлэх “Орны дэргэдэх ЭХО-ны тусламжтайгаар яаралтай тусламжийн үеийн шингэн сэлбэлтэд доод хөндийн венийн диаметрийг /IVC/ ашиглан тооцох нь”, “Цус харвалтын дараах асарга сувилгаа”, ”Мэс заслын сувилагчийн гарын авлага”, Баянгол дүүргийн Учрахуй өрхийн эрүүл мэндийн төвийн “QR код ашиглан дасгал хөдөлгөөн дагаж хийх заавар” зэрэг нийт 9 бүтээлийн арга аргачлалыг танилцуулсан.
Мөн Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөс тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах талаар хийсэн ном, гарын авлага сайн туршлагын үйл ажиллагаагаа танилцуулан, бусад байгууллагуудтай харилцан туршлагаа солилцлоо.
Оролцогсод цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад сэдэл өгсөн үр дүнтэй, зохион байгуулалт сайтай арга хэмжээ болсныг онцолж, талархал илэрхийллээ.